Болдбаатарын Гүнцэрэн — Намтар
Хайрт найз, хүү минь мөнх хөх тэнгэр, мөнхөд ногоон газар дэлхийдээ амгалан нойрс доо.

Тэрээр багаасаа техник, компьютер, уран бүтээлд сонирхолтой байсан бөгөөд Өсвөрийн зохион бүтээгчдийн төвд суралцан компьютерийн операторын мэргэжил эзэмшин “Боролдой” студид компьютерийн программ зохиогчоор ажиллаж байсан. Цааш өөрөө хичээнгүйлэн суралцаж компьютер графикийн программуудыг эзэмшин компьютер график, эвлүүлэг, телевизийн дизайн, видео чимэглэлийн хөгжлийг Монголд түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, олон арван нэвтрүүлэг, кино, баримтат бүтээл, хүүхэлдэйн кинонд авьяас чадвараа зориулсан юм. “Genie” studio найз Т.Түмэнбаяр, /Г.Отгонбаатар/, С.Энхамар нартайгаа байгуулан ажиллахдаа “Өрхийн эмнэлгийн хөгжил, шинэчлэл” хөтөлбөр хэрэгжүүлэхэд оролцсон. “Барын бамбар нөхрөө эрсэн нь” хүүхэлдэйн кино бүтээхэд будах, монтажлах технологийг нэвтрүүлсэн. Тус кино нь 1995 оны 12-р сарын 31-нээс эфирт гарч эхэлсэн. 1998 онд "Ийм нэгэн явдал" графикаар хийгдсэн анхны кино. Мөн “MM” агентлагийн логог цогцлон, шинэ жилийн шторкууд, “1:9” нэвтрүүлэг, “Эргүүлэг”, “Амрах агшин”, “Студио-600”, “Оргилд хүрэх зам”, “Сонгох цаг”, “Цаг агаар”, “Драмын театр-70 жил”, “Баярын мишээл-2004”, “Жудо кид I-2010”, “Жудо кид II-2014” зэрэг нэвтрүүлгийн эхлэл болон шторкуудыг компьютер графикаар хийсэн зэрэг олон олон бүтээл гаргасан бөгөөд олон бүтээлд хувь нэмрээ оруулсан. Түүнчлэн “Баавгай дуулах уу?” хүүхэлдэйн кино, “Тэнгэрээс унасан мах” УСК, “Ядуугийн зовлон” УСК, “Хүнд ачаа” баримтат кино бүтээхэд хамтран ажилласан. МҮОНРТ-ийн хөгжмийн мэдээ мэдээллийн “Хит” (HIT ENTERTAINMENT) нэвтрүүлэгт 1997 оноос ажиллаж байв. Өнгөт инээд энтертайнмент, On and off, Free line , “Жонон”, “Титэм” зэрэг студийн хамт олонтой хамтран бүтээл хийж байв. Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн “Цагийн хүрд” нэвтрүүлэгт найруулагч, графикч, эвлүүлэгчээр ажиллаж байв. Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд онцгой идэвх зүтгэл гарган ажиллаж, хөдөлмөрийн өндөр амжилт үзүүлсний тул “Хүндэт жуух” -аар 2019 онд, Монголын Жүдо Бөхийн Холбооны 50 жилийн ойн медалиар 2021 онд, Монгол Улсад олимпын хөдөлгөөнийг сурталчлан дэлгэрүүлэх, биеийн тамир, спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монголын Үндэсний Олимпын Хорооны “АЛТАН МЕДАЛЬ” -иар 2022 онд тус тус шагнагдсан. 2019 онд Үндэсний Мэдээлэл, Технологийн эхлэл академийн мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрт хамрагдаж “Программ хангамж” мэргэшүүлэх диплом гардан авсан. Мөн их, дээд сургуулийн багшлах эрхийн сургалтыг дүүргэж “Багшлах эрхийн үнэмлэх” авсан. Мэргэжлээ байнга дээшлүүлэн хөгжих эрмэлзэлтэй бөгөөд эзэмшсэн мэдлэг, ур чадвараа уран бүтээлдээ тогтмол ашигладаг байлаа. Б.Гүнцэрэн нь найз нөхөд, ах дүүстээ тусархаг, хүндлэг, нөхөрсөг нэгэн бөгөөд хэлсэн үгэндээ хүрдэг, чадварлаг бүтээлч мэргэжилтэн, хамтран ажилласан хүн бүхний хүндэтгэлийг хүлээсэн эрхэм хүн байлаа. Мөнх хөх тэнгэр, мөнхөд ногоон газар дэлхийдээ амгалан нойрс доо Ум ма ни бад мэ хум Аав, ээж, дүү, төрөл садан, найз нөхөд, хамт олон